АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэр бүхий зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хоёрдугаар сарын 13-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаах явцад тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлуулахаар Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасан билээ.
Тэгвэл Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ сарын 19-ний өдөр ШЕЗ болон Улсын Дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан, түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа Мэдээлэл хүргүүлэх тухай 1/1117 тоот бичгээр мэдэгджээ.
Энэхүү бичигт “…Халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйлдэл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн байна.