Өмнөд Солонгосоос Монгол улс уруу нислэг үйлдэх хоёр дахь эрхийг олгох гэж байгаа талаар бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл уг эрхийг Өмнөд Солонгосын хоёр дахь том агаарын тээвэрлэгч “Asiana Airline” компанид олгосоноо БНСУ-ын засгийн газраас мэдэгдлээ.
Инчеон-Улаанбаатарын чиглэлд Korean Air компани олон жил онцгой эрхтэйгээр нислэг үйлдэж байсан юм. Энэхүү чиглэлд өрсөлдсөн Jeju Air, Eastar Jet компаниудад Сингапурын чиглэлд нислэг үйлдэх эрхийг олгожээ.
“Хэрэв компаниуд зуны ид ачааллаас өмнө өөрсдийн бэлтгэлээ хангаж чадвал гуравдугаар сарын 31-ээс өмнө нислэгээ үйлдэх боломжтой” гэж Өмнөд Солонгосын Газар, Дэд бүтэц, Тээврийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.
“Asiana Airline” компани долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болсон бол “Air Busan” компани долоо хоногт нэг удаа Бусан-Улаанбаатарын чиглэлд нисэхээр болжээ.
Эх сурвалж: Yonhap News