Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн бүсийн асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Бруно Балванераг хүлээн авч уулзлаа.
Тэрээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын шинэчлэл-өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэн ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх, өргөтгөх ажлын хүрээнд эхний ээлжид АХБ-ны санхүүжилтээр одоо байгаа 2 эгнээг бүрэн шинэчлэх, ЕСБХБ-ны санхүүжилтээр 2 эгнээг нэмж барихаар тохиролцон ажиллаж байгаа юм.
Энэхүү өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр АХБ-тай зэрэг эхлүүлж зэрэг дуусгах, Монгол Улсын бүтээн байгуулалтын улиралд багтаан богино хугацаанд хэрэгжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдаас өгсний дагуу энэ асуудлаар Засгийн газрын төвшинд хэлэлцсэн. Үүний дүнд, эхний ээлжинд ЕСБХБ-наас санхүүжүүлэгдэх 2 эгнээ авто замын барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монголын хөгжлийн банкнаас түр гаргуулж, ЕСБХБ-тай Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдмагц Монголын хөгжлийн банкинд эргүүлэн төлөх байдлаар шийдвэрлэх гарц байгааг уулзалтын үеэр ЕСБХБ-нд хэлэв.
Монголын талын энэхүү нөхөн санхүүжилтийн хэлбэрээр шийдэх саналыг ажлаа эрт эхлүүлэх боломж хэмээн үзэж нааштайгаар хүлээн авч байгаагаа ЕСБХБ-ны зүгээс илэрхийлээд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг маш сайн ойлгож байгаа тул төслийг нэн даруй эхлүүлэхэд бүхий л талаар хичээж хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЗТХЯ