Вьетнамын Ханой хотод энэ сарын 27-28-ны өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Ун нар дээд хэмжээний уулзалт хийж байгаа билээ. Энэхүү уулзалтанд зориулж Вьетнам улс 300 ширхэг дурсгалын зоос гаргасан байна. Тус бүр нь 500 мянган донг буюу 21 ам.долларын үнэтэй эдгээр зооснуудын нэг талд тагтаа, чидун модны навч, хоёр улсын далбааг дүрслэн “ дэлхий ертөнц энх тайван” гэсэн үг сийлж нөгөө талд нь бадамлянхуа дүрсэлжээ.
Мөн зоосноос гадна дурсгалын маркны цуглуулга гаргасан байна. Маркан дээр Вьетнамын соёлд энх тайван, нөхөрлөлийг билэгддэг хулсны наана АНУ, БНАСАУ-ын далбааг гар барьж буйгаар зүрхэн хэлбэрт оруулан дүрсэлжээ. Түүнчлэн Вьетнамын төрийн далбаа, энх тайвны билэгдэл тагтаа, “Бүгд энх тайвны төлөө хамтдаа ” гэсэн үг бичжээ. Дурсгалын марк нь 4000 вьетнам донг буюу 0.17 ам.долларын үнэтэй худалдаанд гарсан байна.