Эрүүл Мэндийн Яамнаас Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийлээ.
Улаанбурхан өвчин 2018 оны сүүлээс эхлэн дэлхийн олон дэлгэрчээ. Манай улсад тархалт гарах эрсдэлтэй учир урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан ч өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллахаар ирсэн иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер халуурч, биеэр нь тууралт гараад эмнэлэгт хандсан. Ингээд шуурхай шинжилгээ авахад улаанбурхан өвчин мөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдож, өнөөдөр өглөө ХӨСҮТ-ийн ажилтнууд Оюутолгой руу ниссэн. Өвчтөн болон ойрын хүрээнд байсан 12 хүнийг тусгаарлаж, гадагш нь гаргахгүйгээр тэнд нь эмчлэхээр ажиллаж байна. Халдвар тарахаас сэргийлэх чиглэлээр бүхий л ажлыг зохион байгуулна. Шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч явсан. Улаанбурханы дэгдэлт 2016 онд гарснаас хойш анх удаа лабораторийн шинжилгээгээр баталгаажсан нь энэ болж байна” гэлээ.