Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид 2019 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хараа хяналтгүй ганцаараа явж байсан нэг настай эрэгтэй хүүхдийг тус дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрээс 16.00 цагийн орчимд олжээ.
Хүү хэлд ороогүй учраас өөрийн болон аав ээжийнхээ нэрийг хэлж чадахгүй байсан тул нийслэлийн бусад цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн байж. Гэтэл дээрх хугацаанд хүүгийн ар гэрийнхэн цагдаад дуудлага, мэдээлэл өгсөнгүй. Цагдаагийн алба хаагчид хүүг асарч, орой болтол эцэг эхийг нь хүлээсэн. Мөн хүүгийн эцэг эхийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан боловч ар гэрийнхэн нь олдоогүй учраас хүүг тухайн өдрийн 23:30 цагт “Хүүхдийн тусламжийн 108 төв”-д хүлээлгэн өгчээ.
Гэтэл хүүгийн эцэг эх хүүхэд алга болсныг нэг өдрийн дараа /2019.03.11/ мэдэж 20:16 цагт цагдаагийн байгууллагад хандсан байна.
Шалтгааныг тодруулахад хүүгийн эцэг эх салсан бөгөөд хүү аавтайгаа амьдардаг аж. Хүүгийн аав нь тухайн өдөр “Ээж нь аваад явсан биз” хэмээн тоогоогүй орхисон гэнэ. Эцэг эхчүүд минь ийм хариуцлагагүй, хайрхамжгүй байж болохгүй. Нэгхэн настай, хэлд ч орж амжаагүй яваа жаал хүүг тэр үдэш цагдаа олоогүй бол яах вэ?