ОХУ-ын Набережные Челны хотын цагдаагийн Мөрдөн байцаахын гадаа энэ сарын 10-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины “оршуулжээ”. Тэрхүү булшин дээр нь ерөнхийлөгчийнхөө нэр, зураг, амьдарсан он болох 1952-2019 он гэсэн бичигтэй булшны чулууг босгож, төмөр хашлагаар хашаа хийжээ.
Энэхүү үйлдлийг Орос улсад интернэтийн хязгаарлалт хийхийг эсэргүүцэгчдийн төлөөлөл болох Карим Ямадаев, Николай Переседов нар хийсэн байна. Тэдний үйлдлийг шүүхээс хууль бус үйлдэл хэмээн үзэж Ямадаевт 28 хоног, Переседовт зургаан хоногийн хугацаатай хорих ял оноосон аж. Ямадаев гэгч нь улс төрийн хилс хэргээр хоригдсон хүмүүс болон амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалд зориулан хөшөө босгож, өмнө нь найм хоног хоригдож байсан байна.
ОХУ-ын Засгийн газар өнгөрөгч хоёрдугаар сард өөрийн интернет сүлжээг гадаад ертөнцөөс салгаж улсын кибер аюулгүй байдлаа сайжруулах төслийг танилцуулсан билээ. Тэдний үзэж байгаагаар, ОХУ олон улсын интернет сүлжээ ашиглахаа больж, дотоодын сүлжээ ашигласнаар АНУ-ын кибер халдлагаас сэргийлж чадах аж. Зарим мэдээллээс харахад ирэх дөрөвдүгээр сард ОХУ тодорхойгүй хугацаагаар өөрсдийгөө дэлхийн интернэт сүлжээнээс таслах туршилт хийж магадгүй. Энэхүү төслийн хүрээнд интернэт хэрэглэгчид Засгийн газрын харилцаа холбооны хяналтаар зөвхөн зөвшөөрөгдсөн вэб холболтууд руу хандах боломжтой “Domain Name Sysmet” (DNS) хэмээх систем ашиглах юм байна.