Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын орлогчоор Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэгийг томилуулахаар УИХ-д хүргүүлжээ. Өмнөх прокурорын орлогч Г.Эрдэнэбатын хувьд бүрэн эрхийн хугацаа нь 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна.
Прокурорыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаатайгаар томилдог юм. Энэхүү асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр асуудлын дараалалд ч оруулжээ.
Ерөнхийлөгчийн санал болгосон Ш.Эрдэнэбилэгийн хувьд 14 жил прокуророор ажилласан. 2010 он хүртэл Дорнод аймгийн прокуророор, 2012-2014 онд Булган аймгийн прокуророор, 2014 оноос Дүүргийн II прокурорын газарт шилжин иржээ.
Одоо Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэрээр прокуроруудын дотор хамгийн өндөр орлоготой хүнээр тодорч байсан. Мөн УИД-ийн дэлгүүрийн 149 ширхэг хувьцаа эзэмшдгээ өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.