Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ.
УБЕГ-ын дарга Б.Баасандорж “УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна.
Онлайн захиалгыг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч захиалгаа өгөх боломжтой болж байгаа. Гэхдээ анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй. Мөн 25, 45 настайд дахин шинэчилж иргэний үнэмлэх авахдаа онлайнаар захиалахгүй.Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал УБЕГ дээр биеэр очно.
Харин гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Энэ ондоо багтаан энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа.
Иргэний үнэмлэхний чипэн дотор дараах мэдээлллүүд байдаг. Үүнд:
Иргэний байнгын оршин суугаа хаяг
Төрсөн газрын мэдээлэл Хурууны хээ
Цахим гарын үсэг
Иргэний үнэмлэхийн дугаар
Цахим иргэний үнэмлэхийн шинэ загварыг гаргаад байгаа бөгөөд шинэчилсэн загварыг баталчихвал хаягийг чипэн дээр хадгалж, ил бичихгүй болно. Мөн иргэн бүрт байдаг регистер, иргэний үнэмлэх, ЭМД-ын гэх мэт нийт 10 орчим дугаарыг бүгдийг нь чип дотор агуулж, иргэний үнэмлэх дээр ганцхан улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил бичихээр төлөвлөсөн.
Регистерийн дугаарыг л хараад тухайн хүний нас, төрсөн газар, хүйсийг мэдэх боломжтой.Тиймээс энэ дугаарыг ил бичихгүй байх шийдэл яригдаж байна” гэсэн юм. Иргэний үнэмлэхийг дахин авах бол burtgel.mn сайтаар захиалах боломжтой.