Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэл гаргах болсон шалтгаанаа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас 1 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна!!!” гэж мэдэгдэв.
Тэрээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн нэр төрд халдсан учир нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, эдийн бус гэм хорын хохиролд тэрбум төгрөг гаргуулж өгнө үү” хэмээн бичжээ.