Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн. Эдгээр асуудлын нэг бол “Эрдэнэт” ТӨҮГ-ийн Ерөнхий захирлыг томилох асуудал юм.
Өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны дүрэмд өөрчлөлт оруулж Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон шинэчилэн баталсан. Энэхүү дүрмийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллахаар болсон байна. Мөн энэ удаагийн хурлаараа Ерөнхий захирлын албан тушаалд Х.Бадамсүрэнг томилжээ. Тэрээр 2016 оны 12 дугаар сараас эхлэн энэхүү албан тушаалыг хашиж байгаа юм.
Тэрбээр уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”-т Захирлын нэгдүгээр орлогч, “Монголросцветмет нэгдэл”-д Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Мөн УИХ-ын гишүүн болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албыг хашиж байсан байна.