Япон улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөлд талууд өнөөдөр гарын үсэг зурцгаалаа. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Увс аймгийн Засаг дарга нар оролцож, гэрээнд гарын үсэг зурлаа.
Ийнхүү талууд гарын үсэг зурснаар дараах төслүүдийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:
• Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн дотуур байр болон насан туршийн боловсролын төвийн засварын төсөл,
• Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн засварын ажлын төсөл,
• Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлэгийн засварын төсөл,
• Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн ажлын төсөл гэсэн дөрвөн төсөл багтжээ.
“Өвсний үндэс”- Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Монгол Улсад “Өвсний үндэс” хөтөлбөрийг анх 1990 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 542 төсөл хэрэгжээд байна.