Япон улсын академич, Кобэгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор Отсука Кейжирү Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилж байна.
Тэрбээр нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Япон улсын Кобэгийн их сургуулийн Эдийн засгийн сургуультай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хүрэлцэн иржээ. Айлчлалын хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Улаанбаатар хотын хүн амын амьдралын таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилт болон нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн төв” төслийн үр нөлөөг судалж, төсөл хөтөлбөрт хамрагдсан айл өрхийн эдийн засгийн болон суурь судалгааг боловсруулах санамж бичигт заасан зорилтыг тэлж, туршлага солилцох аж.
Тус уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэл хотын хувьд гэр хоорооллын дахин төлөвлөлт, амьдрах орчныг сайжруулах тухай асуудал нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай чухал асуудал. Иймд та бүхэн үр дүнтэй тооцоо судалгааг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бид та бүхэнтэй цаашид хамтран ажиллаж олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” хэмээв.
Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ