Дөнгөж сая Монгол банкнаас Капитал банкыг татан буулгах болсон талаар мэдэгдэл гаргалаа. Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум болсон нь банкны нийт зээлийн багцын 80%-д хүрсэн байна” гэж мэдэгдлээ.
Яг одоогийн байдлаар банкны нийт хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан хадгаламжийн даатгалын корпорац иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн мөнгөн хадгаламжийг ХААН банканд шилжүүлж, иргэдэд хохиролгүйгээр олгох аж.
Мөн Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байдаг бөгөөд тэдний 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацад даатгагдсан байдаг гэнэ. Одоогоор хадгаламжийн даатгалын корпорацын санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгохоор шийдвэрлэжээ.
Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авах боломжтой.