Жил бүр махны үнийг тогтвортой байлгахын тулд нөөцийн мах бэлтгэн хаврын улиралд худалдаанд гаргадаг билээ. Нийслэлчүүдийн энэ жилийн хэрэгцээнд зориулж нөөцөлсөн махыг ирэх даваа гарагаас худалдаанд гаргахаар болжээ. Энэ жилийн хувьд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 12 мянган тонн мах нөөцлөхөөр 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн хэдий ч 4000 тонныг л нөөцөлж чадсан байна.
Нөөцийн махыг худалдаалахдаа тухайн үеийн зах зээлийн ханшаас хамаарч үнийг тогтоодог бөгөөд энэ жилийн хувьд дараах ханшаас бууруулах боломжгүй гэнэ. Махны жижиглэнгийн үнэ нь нэг килограмм үхрийнх 7200 төгрөг, хониных 6000, ямааных 5500 төгрөгөөр худалдаалахаар тогтоожээ. Албан ёсны нөөцийн махыг 2-3 кг-аар савлаж, “Мах, сүүний анхдугаар аян” хэмээн шошголон худалдан авагчдад нийлүүлнэ.