Өвөгт тогоруунууд маань Энэтхэгт өвөлжөөд үржлийн нутаг руугаа хаврын нүүдлээ эхлүүллээ. Өнгөрсөн намар Монголоос нисэж Гималайн нурууг чиглэн даваад Энэтхэгт хүрсэн бол хаврын нүүдлээ Гималайн нурууны баруун талаар тойрч нисч хүрэлцэн ирэх бололтой. Шувуудын нүүдэлд салхи маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд эволюцийнхээ явцад салхийг нүүдлээ амжилттай даван туулах стратеги болгон ашиглаж ирсэн байна. Ялангуяа энергиэ хадгалах зорилгоор салхи ашиглаж халин нүүдэг тогоруу, хун, бүргэд зэрэг шувуудад томоохон уул нурууд төдийгүй нуур, тэнгисийг тойрох хандлага хамгийн түгээмэл байдаг. Учир нь томоохон уул нуруу, тэнгисийн салхинаас зайлсхийж байгаа үйлдэл юм. Энэ жил нүүдлийн шувуудад маань сайхан жил болж байгаа, учир нь өнгөрсөн жилийн борооноор хээрийн олон жижиг нуурууд сэргэсэн тул шувууд маань бууж амрах, хүчээ сэлгэх боломжтой болсон. Өвөгт тогоруу бол манайд бүртгэгдсэн зургаан зүйлийн тогоруунаас биеэр хамгийн жижиг нь бөгөөд олон янзын экосистемд түгээмэл тархсан тогоруу юм. Эдгээр нүүдлийн шувууд маань амжилттай ирнэ гэдэгт найдаж байна.