Халууны улиралд хөл холгох зовлон түгээмэл тохиолддог. Ганган шовх өсгийтэй хатуу зуузайг спиртээр арчвал зөөлөрнө. Эсвэл лаа, норгосон савангаар арчвал хөлийг тань холгохгүй. Өсгийтэй гутал гэртээ өмсөөд ойр зуур явахад ямар ч асуудалгүй хэрнээ аливаа арга хэмжээ, баярын цэнгүүнд очсон үед гутал сугарах, хөл холгох, өвтгөх зэргээр олон асуудал үүсч баярын оройжин ширээнийхээ ард суух болдог. Туфль томдсон үед араараа сугарч алхахад хэцүү байдаг. Энэ үед үсний лак ашиглан томдож хальтрахыг болиулах арга бий. Хөлийнхөө өсгий рүү үсний лак цацаж гутал дотор гулгахыг болиулах аргыг Холливудын бүсгүйчүүд өргөн ашигладаг байна. Энэ арга хэдхэн цагийн дараа үйлчлэхээ больдог тул цүнхэндээ жижиг хэмжээтэй үсний лак авч яваад гулгаад эхэлмэгц нь цацах нэг арга бий.
Их хотын дэгжин бүсгүйчүүд маань урин зуны өдрүүдээр л ханатлаа өндөр өсгийтөөр гоёж амждаг. Яг тааруулж л авахгүй бол сугарна, холгоно. Аль эсвэл халуунд хөл чинь хөөгөөд таарч байсан гутал чинь багадаад, хөлөө шархлуулчихсан уу? Багадсан гутландаа чийгтэй элс сайн чигжээд хэд хонуулахад хагас размераар хангалттай сунах болно. Зарим гутал яг таарч байгаа хэрнээ хатуу зуузайтай болохоор холгох тал байдаг. Тэгвэл яг холгоод байгаа хэсгийг нь бахиар сайн хавчиж байгаад хэд хэдэн удаа чангааж зөөллөж өгвөл чамайг дахин зовоохгүй болно.