Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Орчлон” сургуулийн баруун урд талд орших дугуйн замыг хааж, барилга барьж байна гэсэн гомдол Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд иржээ.
Энэхүү мэдээллийн дагуу Газар зохион байгуулалтын албанаас шалгаж үзэхэд “Suruga development” ХХК барилгын ажил эхлэхээр бэлтгэж байсан бөгөөд зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй байх үүрэг өгсөн байна.
Өнөөдөр тус компаний зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан бичгээр хариу мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэ сарын 28 буюу ням гараг гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулахаа мэдэгджээ.
“Suruga development” ХХК нь “Суруга центр-2” үйлчилгээний төв барихаар газар шорооны ажил эхлүүлж байгаа бөгөөд хөрсний нуралт үүсэхээс сэргийлж, дээрх хэсгийн дугуйн замыг түр хаах шаардлагатай болсон аж.