Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр гуравдахь өдрөө үргэлжиллээ. Өчигдөр тэмцээний хүнд жингүүдийн барилдаан болж тэмцээний аваргуудаа тодруулсан байна.
Энэ өдөр Монгол улсыг төлөөлж зургаан жүдоч хүч үзсэнээс -100 кг-ийн жинд барилдсан Л.Отгонбаатар алтан медалийн болзол хангажээ. Тэрээр шигшээ барилдаанд Өмнөд Солонгос улсын бөхийг ялснаар төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй болсон юм.
Түүний хүртсэн медаль нь энэхүү тэмцээнээс хүртсэн Монгол улсын баг тамирчдын гурав дахь алтан медаль болж байгаа юм. Ингэснээр Монгол улс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
Тэмцээний сүүлийн өдөр манай жүдочид багийн барилдаан хийж тэмцээнээ дуусгах юм.