Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд хамтран оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч буй юм.
Өдөрлөгийн нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Академич С.Нарангэрэл, НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал болон хамтран зохион байгуулж буй байгууллагуудын төлөөлөл оролцсон.
Энэ удаагийн өдөрлөг нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч бусад хуульчид нэгдэн анх удаагаа хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаараа онцлог бөгөөд өдөрлөг 16:00 цаг хүртэл үргэлжлэхээр товлогджээ.