Өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд тоглох багууд бүрэн тодорлоо.
Өчигдөр шөнө Английн Ливерпүүл клуб Испанийн Барселонагийн эсрэг гайхамшигтай тоглолтыг үзүүлж шигшээ тоглолтонд шалгарч үлдээд байсан билээ. Тэгвэл урд шөнө бас нэгэн гайхалтай тоглолт болж, Английн хоёр баг дэлдэн чихтийн төлөө тунан үлдлээ.
Эхний тоглолтонд Аякс клуб Тоттенхэм Хотспур клубын талбайд зочлон тоглож 1:0-ийн харьцаатай ялалт байгуулаад байсан билээ. Өөрийн талбайдаа хожигдол хүлээсэн Тоттенхэм харин хариу тоглолтондоо гайхалтай эргэн ирэлтийг хийж анх удаа шигшээ тоглолтонд шалгарч үлдээд байна.
Хариу тоглолтын эхний хагаст Аяксын Де Лигт 5 болон 35 дахь минутанд дараалан гоол оруулж хөгжөөн дэмжигчиддээ бэлэг барьсан. Тоглолтын нийт гоолын харьцаа 3:0. Гэвч тоглолтын хоёрдугаар хагаст тоглолт эргэж Тоттенхэмийн Л.Моура дөрөвхөн минутын зайтай дараалан гоол оруулж тоглолтын салхийг эргүүлсэн юм. Хоёр багийн онооны харьцаа тэнцсэнээр тоглолтын уур амьсгал ихээхэн ширүүсч ирсэн юм. Ингээд тоглолтын үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт буюу 96 дахь минутанд Л.Моура хет-трикээ хийж баг нь анх удаагаа шигшээ тоглолтонд үлдлээ.
Ийнхүү хоёр багийн тоглолтын гоолын харьцаа 3:3 болж тэнцсэн бөгөөд эсрэг багийн талбайд илүү гоол оруулсанаараа Тоттенхэм шигшээ тоглолтонд шалгарч үлдэж байгаа юм.
Одоогоос 11 жилийн өмнө Английн хоёр баг болох Челси болон Манчестер Юнайтед багууд шигшээ тоглолтонд шалгарч байсан бол энэ жил ийнхүү Ливерпүүл, Тоттенхэм багууд тунан үлдлээ. Хэрэв Аваргуудын лигт Ливерпүүл клуб түрүүлвэл зургаа дахь удаагаа, Тоттенхэм түрүүлвэл анх удаагаа дэлдэн чихтийг өргөж үзэх юм.