Их Британийн эмч нар харанхуйд ухаалаг гар утас ашигласны улмаас харах чадвараа түр хугацаагаар алдсан бас нэг тохиолдлын талаар мэдээлжээ. Тодруулбал, нагаах ухааны \”New England Journal” тус шинж тэмдгийн талаар нийтэлсэн бөгөөд 22-40 насны хоёр эмэгтэй 15 минут орчим юу ч харахгүйд хүрсэн тул эмчид ханджээ.
Британийн эмч нар бүхий л төрлийн шинжилгээ хийж, бүсгүйчүүдийн харааны чадвараа түр хугацаагаар алдсан шалтгааныг тогтоожээ. Ингэхэд хоёр эмэгтэй орой унтахаар хэвтээд нэг нүдээрээ ухаалаг утсаа харж, нөгөө нүд нь дэрээр халхлагддаг байсан аж. Мэргэжилтнүүд энэ тохиолдолд нэг нүд гэрэлд, нөгөө нүд харанхуйд дасал болдог талаар тайлбарлажээ.
Учир нь ухаалаг утсыг унтраасны дараа хүний нүд харанхуйд дасан зохицохын тулд маш урт хугацаа зарцуулдаг байна. Энэ нь нүд түр зуур юу ч харахгүй болох шалтгаан болсныг эмч нар тогтоожээ.
Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд харанхуйд дижитал төхөөрөмжийг аль болох хоёр нүдээрээ зэрэг харахыг зөвлөсөн байна.