Өмнөд Солонгос улсын томоохон группын нэг SK Group ажлын өдрийг цөөлж дөрөв болгохоор туршиж эхэлсэн байна. Тус группын SUPEX Council, SK Holdings гэх охин компаниуд нь энэхүү туршилтыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
SK Group нь 100 орчим охин компаниас бүрддэг, хэдэн арван мянган ажилтантай бөгөөд Ерөнхийлөгч Чэй Тэ Вон нь ажилтнуудын сэтгэл ханамжийг хамгийн эхэнд тавьдаг удирдагч учир энэхүү туршилтыг эхлүүлээд байна хэмээн компанийн зүгээс мэдэгджээ.
Одоогоор дээрх хоёр компани сар бүрийн хоёр ба дөрөв дэх баасан гарагт ажиллахгүй, амрах хуваарьтайгаар ажиллаж байгаа юм байна. Хэрэв компанийн туршилтын үр дүн эерэг гарвал энэхүү дүрмийг бүх групп даяар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Ажлын хоногийн тоог багасгах нь ажилчдын ажлын бүтээмж болон сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлдөг болохыг судлаачид ихээхэн ярих болсон билээ.