Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн товыг 2019 оны зургадугаар сарын 30 хэмээн зарласан билээ. Үүнтэй холбогдуулан тус нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг 11 нам СЕХ-д ирүүлж тавдугаар сарын 3-нд батламжаа гардан авсан юм.
Харин өнөөдрөөс эхлэн намууд сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчээ тодруулж эхэлж байна. Сонгуулийн хуулийн 125.1 дэх хэсэгт сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана хэмээн заажээ.
Энэхүү заалтын хугацаа нь 2019.05.24-28-ны өдрүүдэд таарч байгаатай холбогдуулан өнөөдрөөс намууд нэр дэвшигчээ тодруулж эхлэх юм.
МАН-ын хувьд нэр дэвшигчээ тодруулах хурлаа тавдугаар сарын 28-нд хийхээр товлосон бол Ардчилсан нам мөн хуулийн хугацаандаа багтан тодруулахаар байна.
Харин МАХН нэр дэвшигчээ тодруулахаар өнөөдөр хуралдаж байгаа аж.