Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ШШГЕГ-ы харьяа хорих 401 дүгээр анги болох хорихын нэгдсэн эмнэлэгт очжээ. Тэд тус ангид хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эргэж очсон бөгөөд тэдэнтэй ганцаарчилсан уулзалт хийсэн байна.
Энэхүү уулзалтынхаа талаар гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Т.Чимгээгийн биеийн байдал тааруу, олон сар шулуун гэдэснээс нь цус алдаж байгаа гэнэ. Сэтгэл санааны хувьд ч маш хүнд байдалтай байна. “Хүний хүүхдийг авчирч хорьчихоод аминд нь хүрвэл хүлээж авахгүй шүү” гэдгийг хорих ангийн эмч, дарга нарт нь хатуухан хэллээ. Мөн эрүүл мэндийн нарийн шинжилгээнд оруулах саналаа ч хэлсэн.
Б.Содномдаржаагийн биеийн байдал ч мөн тааруу, тамирдсан, цөхөрсөн байдалтай байна. Гэм зэмгүй мөртлөө цагдан хоригдож буй хүмүүсийг Түр хороо нэн даруй цагаатгахын төлөө ажиллана. Энэ хүмүүст ял оноосон дээд шүүхийн шүүгч нар, энэ хэргийг захиалсан хүмүүс гэж бий. Бид тэднийг цагаатгахыг уриалж, ард иргэдээсээ гарын үсгийг цуглуулна” гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд “Тэднийг эрүүдэн шүүлт 400 гаруй хоног үргэлжилж байна. Эндээс 100 гаруй хоногийг пудвольд, харанхуй өрөөнд эрүүдэн шүүсэн. Т.Чимгээ ”намайг фудволк, дотуур өмдтэй нэг удаа усанд оруулахгүй, дотуур хувцсыг нь ч солиулахгүй хорьсон” гэж уйлж байж ярилаа. Тэдний ярианаас эрүүдэн шүүлтийн бичлэгт гарсан зүйлсийг дахин нотлогдож байна.
Бид сая уулзсан бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд ил цацаж болох эсэхийг тэднээс асуухад хоёулаа зөвшөөрсөн. Тиймээс энэ асуудлыг бид Түр хорооны хэмжээнд ярилцаад, ирэх долоо хоногт нээлттэй цацъя гэж ярилцаж байна” гэж мэдэгдлээ.