2019 оны тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болов.
Удирдах зөвлөлийн найман суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланк, Тайланд зэрэг 14 улс өрсөлдсөн. Сонгууль нууц санал хураалтаар явагдсан бөгөөд Монгол Улс олонхын саналыг авч, 2019-2022 онд тус байгууллагын Удирдах зөвлөлд ажиллахаар боллоо.
Япон Улсын Чиба хотод төвтэй Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл нь нийт 9 гишүүнтэй бөгөөд 8 гишүүнийг 3 жил тутам Комиссын гишүүн орнуудаас сонгодог. Энэхүү хүрээлэн Япон Улс нутаг дэвсгэрт байрладаг тул тус улс Удирдах зөвлөлийнх нь 9 дэх гишүүнээр шууд сонгогддог.
Монгол Улс 2000-2003 онд тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан. Тус зөвлөлд манай улс 2019-2022 онд Бангладеш, БНХАУ, БНЭУ, Пакистан, БНСУ, ОХУ, Тайланд Улстай хамтран ажиллана гэж ГХЯ-наас мэдээллээ.