FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол улс хүлээн авч өчигдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор 43 улс орны 500 гаруй тамирчин, төлөөлөгч нар Монгол улсад хүрэлцэн иржээ. Мөн энэхүү тэмцээнийг дэлхийн 160 гаруй улсад шууд дамжуулж байгаа нь Монгол улсыг дэлхийд таниулах томоохон боломж болж байгаагаараа онцлог болж байна.
Энэ удаад Монгол улсын талбайд FIBA 3х3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лиг, FIBA 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри, 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн зэрэг болж байгаа юм.
Тэмцээнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн бөгөөд энэ үеэр М-Си-Эс Кока-Кола компанийн гүйцэтгэх захирал, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 төрлийн хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нарт ялсан багт гардуулах цомыг хүлээлгэн өглөө.
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгарч, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байгаа билээ.