УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргажээ. Уг өргөдөлд, Ерөнхийлөгчийн зүгээс Татварын багц хуульд тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэх явцад эхний санал хураалтад хуралдаанд оролцсон гишүүдийн 35,9 хувь нь хоригийг хүлээж авахаар болсон. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зарим гишүүд орж ирээгүй байсан гэсэн шалтгаанаар санал хураалтыг дахин явуулах горимын санал гаргасан. Ингээд горимын саналаар санал хурааж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаа хүчингүй болгосон.
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 31.6-д зааснаар гишүүдийн гуравны нэг нь буюу 66,6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль болон УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр байна гэж заасан. УИХ-ын дарга Г.Занданшатар тэр горимын санал гэгчийг хүлээх авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл, Дэгийн тухай хуулийн 10.2 дахь хэсэгт “Асуудлыг хэлэлцэх дараалалд гишүүнээс гаргасан саналыг горимын гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана” гэж заасан гэжээ.
Хуулийн дагуу бол УИХ-ын дарга бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн дахин санал хураалгах саналыг хүлээн авах ёсгүй байсан бөгөөд саналыг хүлээн авсан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж хуульч Б.Гүнбилэг үзжээ. Тиймээс тэрээр энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулахаар ҮХЦ-д хандсан байна.