ЮНЕСКО Хүн ба шим мандлын нөөц газруудын тогтвортой хоолны жоруудыг нийтэлжээ. 2019 оны Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг “Биологийн олон янз байдал, бидний хоол хүнс, бидний эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэсэн бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газраас шим мандлын нөөц газруудын амьдралын хэв маяг, соёл, хөдөө аж ахуйн онцлогийг илэрхийлсэн хоол хүнсийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээнд зориулан Монгол Дагуурын шим мандлын нөөц газраас банштай, борцтой, будаатай цайны жорыг хүргүүлжээ. Уг хоол Хүн ба шим мандлын тогтвортой хоолоор шалгарч жор нь ЮНЕСКО-гоос гаргасан эмхэтгэлд багтсан байна.