УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат үдээс өмнө өгсөн мэдээллийнхээ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү одоогоор манай зөвлөлд нэгдэх тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй хэмээн мэдэгдсэн билээ.
Тэгвэл үүнээс удалгүй УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэх тухайгаа албан ёсоор мэдэгдэж, үүнийхээ шалтгааныг тайлбарлалаа. Тэрбээр “АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичиг хүргүүлсэн. Энэ бичиг нь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллаж, найман гишүүнтэй болгох. Улмаар АН-ыг бүлэгтэй болгож, хүчтэй сөрөг хүчин болгоход хамтран ажиллая гэсэн утгатай. УИХ-ын тухай хуулийн 7.1-д УИХ-ын гишүүн нь нам эвслийн бүлэгт нэгдэж болно гэсэн байдаг. Нам эвслийн бүлэгт нэгдсэнийг УИХ-ын дарга нь чуулган дээр зарлах үүрэгтэй гэж байгаа. Би МАХН-ын гишүүний хувьд намаасаа гарахгүйгээр, намынхаа зүгээс АН-ын бүлгийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдье гэж байгаа юм. Энэхүү шийдвэрийг гаргах болсон хоёр шалтгаан байна.
Нэгдүгээрт, УИХ-д Үндсэн хуулийг өргөн барьсан байгаа. Суудалгүй намуудын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн байна. Тухайн хүсэлтэд үндэстний зөвшилцөх зөвлөл байгуулъя гэсэн байгаа. Сөрөг хүчин яах аргагүй сул байгаа учраас намууд Ерөнхийлөгчид хандаж байна гэж ойлгож байна.
Хоёрдугаарт 2016 онд иргэд МАН-д 65 суудал буюу Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг өгсөн. АН-д есөн гишүүн буюу бүлэг байгуулах эрх, МАХН-ыг нэг суудалтай буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн юм. Тиймээс би МАХН-ын гишүүдээсээ асууж ямар ч байсан бүлэг байх бололцоотой сөрөг хүчин байгаа учраас нэгдэж, нэгдсэн байр суурьтай болсон нь дээр байх гэж шийдсэн.” гэсэн юм.