Увсын ард түмний төлөөллийн Ерөнхийлөгчид хүргүүлсэн захидлыг хүргэе. Тэд МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар мөнгө тараан, сонгох сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчиж, түүний энэхүү бусармаг үйл ажиллагаанаас болж 20 гаруйхан хоногтой нярай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсныг эсэргүүцэж Чимэдийн Хүрэлбаатарыг эргүүлэн татах ёстой гэж үзэн гарын үсэг цуглуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч хандан ил захидал илгээсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа
-Иргэдийн саналыг эд мөнгө мэт худалдан авч УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай-
Монгол Улсад хууль, шударга ёс байдаг гэдэгт итгэж, Монголын ард түмнээсэээ сонгогдсон Төрийн тэргүүн таныг ядарсан ард түмнээ тохуурхан доромжилж, басамжлан төрийн эрхэнд гарахын төлөө яахаас ч буцахгүй болсон бусармаг этгээдүүдэд хариуцлага тооцож өгөхийг шаардан энэхүү ил захидлыг илгээж байна.
Монгол Улсын баруун хязгаарт амьдран суугаа Увс нутгийн ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төр барих эрхээ эдэлж чадахгүйд хүрч, сүүлийн хоёр сонгууль дараалан мөнгө барьсан луйварчид, төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд яахаас ч буцахаа байсан бусармаг этгээдүүдэд хууртагдан доромжлуулж байна.
УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, түүний шадар туслах залуу оюутнуудад мөнгө өгөн саналыг нь худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдан шүүхээс хоригдох ял сонсож байлаа. Гэвч бусдын гараар мөнгө тараалган төрийн хуулийг уландаа гишгэсэн Ч.Хүрэлбаатар ямар ч ял авсангүй. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүнээр томилогдон ажилласан. Хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгээгүй өнгөрөөсний гор өнөөдөр дахин гарч, Чимэдийн Хүрэлбаатарын бусармаг явдал давтагдаж, хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүү амиа алдаж, залуухан эцэг эх хоёр хагацал зовлонгийн сүүдэрт дайруулаад байна. УИХ-ын сонгуулийн санал хурааах өдөр талийгаач хүүгийн ээж О болон түүний нөхөр Ч нарт 100 000 төгрөг өгч, тэднийг гэрээс нь дагуулж явсан Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч этгээдийг Увс аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа бөгөөд Увсын ард түмэн ядарсан иргэдэд хэдэн төгрөг харуулан төрийн эрх мэдлийг гартаа атгаж амташсан Ч.Хүрэлбаатартай ч мөн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
Дөрвөн жилийн өмнө туслахаа шоронд илгээсэн энэ этгээд өнөөдөр хэнд ч гэм буруугүй нярай хүүхдийн амийг золиослон эрх мэдэлд хүрлээ. Хүүхдийн амь нас эрсдэж, олон хүн гашуун зовлон шаналалд өртөөд байгаа энэ үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар юу ч болоогүй юм шиг аашилж, сайдын суудалд шунан тэмүүлж, Ч.Хүрэлбаатарын ухуулагч, туслахаар ажилласан нэр бүхий этгээдүүд \”Мөнгөөр саналаа худалдсан өөрсдийнх нь буруу” хэмээн тохуурхан доромжилж байгаад харамсаж байна.
Монголын төр эзэнтэй, эзэн нь ард түмэн бид гэдэгт итгэдэг. Тиймээс иргэдийн саналыг эд мөнгө мэт худалдан авч УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай гэж бид үзэж байна. Монголын төр энэ мэт ёсгүй аашилж, эзэнгүй мэт авир гаргагчдаас эгнэгт салж, төрийн өндөр хууль цаазаар түмэн олноо хамгаалах нэгэнтээ ирснийг харуулах цаг болжээ.
Төгс