Хотын дарга хоёр захирамж гаргажээ.
Захирамжид Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах 10,800 метр квадрат талбай, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны өмнөх 1,200 метр квадрат газрын гэрчилгээг цуцлах тухай дурджээ. Дээрх хоёр газар нь “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн эзэмшилд байдаг аж.
Ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.
Мөн тус нутаг дэвсгэрт байрлах дээрх газруудыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж,тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.