“Азийн ардын урлагийн их наадам” анх удаа Монгол Улсад зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Таван өдөр үргэлжилсэн “Азийн язгуур урлагийн наадам”-ын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртсэн. Харин дэд байрт БНСУ-ын уран бүтээлчид, гутгаар байрт Өвөрмонголын уран бүтээлчид шалгарсан байна. Харин тус наадмын язгуур урлагийн төрөлд “Алтай” хамтлаг тэргүүн байр эзэлжээ.
Энэхүү наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ-ын Буриад, Тува зэрэг 12 орны 200 гаруй ардын авьяастан оролцож, Монгол орны соёлын их өвийг дэлхий дахинаа сурталчилсан юм. Энэ удаагийн наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүсэн бөгөөд авьяас чадлаараа шалгарсан ардын авьяастнуудад 1000-4000 еврогийн шагнал хүртээжээ.
Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд явагдаж, хүүхэд залууст ардын урлагийг сурталчилсан юм.