Шүүхийн шийдвэр гүйцэтгэх “Сүлд спорт” хорооны даргаар Улсын аварга Н.Батсуурь томилогдлоо. Н.Батсуурь аваргын хувьд Улсын наадамд дөрвөнтээ шөвгөрсөн бөгөөд 2014, 2018 онд Улсын Их баяр наадамд түрүүлж байсан бөх билээ.
Тэрээр анх 2006 онд Ховд аймгийн баяр наадмаар аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан юм.
Мөн тэрээр жүдо бөхөөр хичээллэдэг бөгөөд 2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж “Спортын мастер”, 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж “ОУХМ” цол хүртсэн. Мөн 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч билээ.