Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн техник хэрэгслийг хүлээн авах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн байрлалд боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхан, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга бригадын генерал М.Эрдэнэдалай, Монгол Улс дах АНУ-ын Элчин сайд ноён С.Клечески, Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Майкл Доршнер болон албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Батлан хамгаалах яам, Монгол улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал хамтын ажиллагааны хүрээнд хүлээлгэн өгч буй эдгээр техникүүд нь хоёр улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэх юм. Ийнхүү инженерийн техник, хэрэгслийн эхний хэсгийг өнөөдөр хүлээн авсан бол үлдэгдэл 23 нэгж техник хэрэгсэл ирснээр Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаар бэлтгэж буй инженерийн ротын техникийн хангалтын тодорхой хэсгийг бүрдүүлэх юм.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг тууштай дэмжиж бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлсээр ирсэн бөгөөд энэхүү инженерийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ нь хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаанд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа үйл явдал боллоо гэж Батлан хамгаалахын сайд дурдав.