Баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны зургадугаар 19-ний өдрийн хуралдаанаар аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол, Монгол Улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгуулахаар тогтжээ. Учир нь эдгээр бөхчүүдтэй Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваанд барилдсан учраа бөхчүүд нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, давааг нь хүчингүй болгожээ. Иймээс салбар хорооны саналыг удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна.
Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат, “Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ”-ний бөх, Монгол Улсын начин Ч.Хөхчирэнгэр нь өнгөрөгч ням гаригт зохион байгуулагдсан “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд түрүүлж одтой байгаагаа харууллаа. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин түүнд баяр хүргэжээ.