Өнгөрсөн сарын 13-ны өдөр АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийг нээсэн болохыг мэдэгдсэн. Эдгээр зургаан шүүгчид Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нар багтаж байгаа юм.
Эдгээр шүүгч нарын хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хоёр шүүгчийн нь бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд тэднийг урьдчилан цагдан хорих 461 дүгээр ангид таслан сэргийлэхээр хорьсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан билээ. Тэгвэл ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтан “Одоогоор нэг ч шүүгчийг цагдан хориогүй” хэмээн хариу өглөө.