Өчигдөр өглөө Хойд Солонгос улс бага тусгалтай хоёр пуужинг Япон тэнгисийн зүгт харвасан билээ. Тэднийг энэхүү үйлдлийг хийсний дараа Өмнөд Солонгосын зүгээс Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэж болзошгүй үйлдэл хийхээс татгалзахыг уриалсан мэдэгдэл гаргажээ.
Пуужин харвасан талаар мэдээлэл өгөхдөө БНСУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чхве Хён Су “Солонгосын хойгт цэргийн хурцадмал байдлыг үүсгэх үйлдлүүдийг зогсоохыг Хойд Солонгост уриалж байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн Сөүл одоогоор Пхеньяны пуужин хөөргөсний хариуд ямар нэг арга хэмжээ авахаар төлөвлөөгүй болохыг ч онцолжээ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр БНАСАУ дахин пуужин харвасантай холбогдуулан Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Түүнчлэн штабуудын дарга нарын хорооноос “нөхцөл байдлыг ажиглаж байгаагийн дээр байлдааны бэлэн байдлаа хадгалж байгаа” болохыг мэдэгдсэн байна.