БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд Монголын бүжигчин залуус амжилттай оролцжээ. Энэхүү уралдаанд Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын залуу уран бүтээлч, бүжигчин Б.Эрдэнэбаяр этник бүжгийн төрөлд Украин үндэсний бүжгээр оролцож, нэгдүгээр байранд шалгарсан байна.Бүжигчин Б.Эрдэнэбаяр Ази тивийн орнуудын дунд зохион байгуулдаг Олон улсын бүжигчдийн уралдааны талаар ярихдаа “БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн XVI уралдаанд амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ. Миний өрсөлдсөн төрөлд 200 гаруй бүжигчин бичлэгээ илгээж, хагас финалд 29 бүжигчин шалгарч үлдсэн. Тэднээс сүүлчийн финалд таван бүжигчин шалгарсны нэг нь би байсан юм. Надаас бусад нь БНСУ-ын бүжигчид байсан. Миний хувьд энэ жилийн уралдаанд Монгол ардын бүжгээрээ бус арай өөр төрлөөр оролцохыг хүсч, Украин үндэсний бүжгээр оролцсон нь хүмүүсийн сонирхлыг ихээр татсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголоос өмнө нь гурван ч бүжигчин энэ олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнд оролцож, амжилт гаргаж байсан” хэмээсэн юм.
Тэрбээр Үндэсний урлагийн их театрт дөрвөн жил ажиллаж байгаад өнгөрөгч 2018 онд “UBS” телевизээс зохион байгуулсан “Perfect dance” бүжгийн шоуны дэд байрыг хүртэн, БНСУ-ын Урлагийн их сургуульд бүжигчний мэргэжлээр дөрвөн жил суралцах эрхээр шагнуулсан бөгөөд өдгөө тус сургуульд суралцаж байгаа ажээ.