Дорнод аймгийн Хэрлэн сумын I багийн Бунхны задгай гэх газарт тус аймгийн иргэн Ж ховор эмийн ургамал дэргэвэр жиргэрүүг хууль бусаар бэлтгэн хадгалж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж 1259 кг дэргэвэр жиргэрүүг хураан авсан байна. Тус иргэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8.1 , Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/43 дугаар тушаал, Байгаль орчны сайдын 2015 оны А/282 тоот тушаалыг тус тус зөрчжээ.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/43 дугаар тушаалаар “Дэргэвэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаагаар түр хориглосон” юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8.1-д “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.
Мөн Байгаль орчны сайдын 2015 оны А/282 тоот тушаалаар “…тухайн ховор ургамлын эко эдийн засгийн үнэлгээ нь нэг кг тутамд 50.000 төгрөг , үүнийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр нөхөн төлүүлнэ” гэж заажээ.