ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Япон улстай газар нутгийн маргаантай байдаг дөрвөн арлын нэг болох Итурупт өнөөдөр очсон байна.
Түүний энэхүү үйлдлийг Япон улсын засгийн газар албан ёсоор эсэргүүцжээ. Д.Медведевийн одоогоор очоод буй газрыг Оросууд Өмнөд Курилын арлууд гэдэг бол Япончууд Умард Газар нутаг хэмээн нэрлэдэг юм.
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд эдгээр дөрвөн арлыг Зөвлөлтийн цэрэг эзлэн авсан хэмээн Токио үздэг бөгөөд энэ нь өдгөөг хүртэл хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулахад саад болж байгаа билээ.
Японы засгийн газрын эсэргүүцэлд санаа зовж байгаа эсэхийг Ерөнхий сайд Д.Медведевээс тодруулахад тэрээр “Огт санаа зовохгүй байна. Энэ газар нутаг бол Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтдаг. Эдгээр дөрвөн арал нь Сахалины хязгаарын нэг хэсэг учир би энэ тал дээр огт санаа зовохгүй байна” хэмээн хариулжээ.
Мөн тэрээр “Аль нэг улс орон үүнийг эсэргүүцэж байвал манай засгийн газраас эдгээр арлуудад илүү их анхаарал хандуулах шаардлагатай гэсэн үг” гэсэн байна.