“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнгөрсөн шөнө дууслаа. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж дууслаа. Эдгээр 972 айлын орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдэд олгохоор хуваарилсан билээ.
Нийслэлийн орон сууцны корпораци нь /НОСК/ зөвхөн түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг хариуцаж байгаа бөгөөд энэ удаагийн цахим бүртгэлд нийт 35,003 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна.
Харин сонгон шалгаруулалтыг Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэдэх Орон сууцны зөвлөл зэрэг байгууллагууд явуулах бөгөөд давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллах юм байна.