Энэ оны дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа болон тус газрын Хэлтсийн дарга Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг хэлэлцэж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргажээ.
Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хясан боогдуулж онц их хэмжээний авлига авсан нь нотлогдсон албан тушаалтнуудын хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн билээ. Ингэснээр уг хэргийг дахин хэлэлцэхээр болж байгаа юм.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга асан Т.Баярхүү хэргийн талаар мэдээллэхдээ “МХЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудын авлига авч буйг баримтжуулсан бичлэг 2017 онд хийгдсэн” хэмээн мэдэгдсэн.
Үүнээс үзэхэд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2022-2023 онд дуусах ёстой. Гэтэл хоёр жил хүрэхгүй хугацааны дараа уг хэргийг шүүн хэлэлцсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон нь алдаатай шийдвэр болсон хэмээн үзэж прокурорын зүгээс эсэргүүцэл бичжээ.