Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг өргөтгөж улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг баталжээ.
Тус газрыг 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын 91-р тогтоолоор улсын хамгаалалтанд авч байсан бол өнөөдрийн хуралдаанаар уг тогтоолыг хүчингүй болгож тус байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулсан байна. Энэхүү өөрчлөлт орсноор 743.1 мянган га газрыг хамарч байсан Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн зааг 153.4 мянга га талбайгаар нэмэгдэн 896.5 мянган га газрыг хамрах болж байгаа болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээллээ.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол улсад олгогдсон ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, хуурамчаар үйлдсэн бичиг баримт бий эсэх, лицензийг олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах ажлын хэсгийг байгуулсан байна.