Засгийн газраас хуралдаанаар нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн Ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ажиллаж байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Шалгалтын хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг 13 аж ахуйн нэгжийн лицензтэй талбайд үйл ажиллагаа явуулах эрх цуцлагдсан. Эдгээрээс дөрвөн компани нь л байгал орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулсан байна. Гэхдээ хуульд заасан үүргээ биелүүлээгүй учир ийнхүү эрхийг нь цуцалж байна.
Бид Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр бол үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол лицензийг нь цуцлах дүгнэлтийг холбогдох байгууллагуудад нь хүргүүлнэ гэдгээ мэдэгдье. Цаашид ийм алдаа гаргахгүй байх үүрэгтэй. Аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авахдаа Монгол улсын хууль дүрмийг биелүүлж ажиллана гэж өөрсдөө авдаг учир энэ асуудал дээр бид анхаарч ажиллах ёстой” хэмээн мэдэгдлээ.
Энэ үеэр улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу “СэншивэеМонгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох дүрэм журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэж өгөхийг даалгасан юм.