“Токио-2020” Олимп, Паралимпийн наадмын медалийн загварын шалгаруулалтад 400 гаруй бүтээл оролцсоноос дизайнер Жуничи Каванишийн бүтээл шалгарсан.
Медалийн хэмжээ нь 1.2 см зузаан, 8.5 см диаметртэй бөгөөд нүүрэн талд нь “Афин-1896” анхдугаар олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн ялалтын бурхан Никэ, ар талд нь “Токио-2020” Олимпийн наадмын эмблемийг дүрсэлсэн байна.
“Токио-2020” Олимпийн наадам зохион байгуулах хорооноос Олимп, Паралимпийн наадмын медалийг хийх зорилгоор 2017 оны 04 дүгээр сараас энэ оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийт иргэдийн дунд хуучин гар утас, цахилгаан хэрэгсэл хандивлах аяныг өрнүүлжээ. Хандивын аяны хүрээнд 79 мянган тонн төхөөрөмж цугларч, эдгээрээс нийт 32 кг алт, 3.5тонн мөнгө, 2.2 тонн зэс болон цайр гаргаж авчээ. “Токио – 2020” Олимп, Паралимпийн наадамд нийт 5000 гаруй медаль үйлдвэрлэх аж.