Монгол Улс 2018 онд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр номинацийг бэлтгэн, өргөн барьсан. Энэ дагуу Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэг бүхий Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Тошио Хаяаши өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, техникийн үнэлгээг хийгээд буцжээ.
Тэрбээр Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эргийн дурсгалт газар, Өндөр-Улаан сумын нутагт орших Их жаргалантын дурсгалт газар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн дурсгалт газарт ажилласан байна.
Дээрх аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Нийгмийн бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, дурсгал бүхий сумдын багийн Засаг дарга нар болон ойр орчимд нь оршин суугаа ард иргэдтэй уулзаж, дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар санал солилцож, мэдээлэл цуглуулжээ.
Шинжээч Тошио Хаяаши техникийн үнэлгээний тайлангаа Дэлхийн өвийн хороонд хүргүүлэх бөгөөд 2020 онд болох Дэлхийн өвийн хорооны ээлжит хурлаар “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхий өвд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсаас соёлын ангиллаар 3 дурсгалт газар (2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг), байгалийн ангиллаар 2 дурсгалт газар (2003 онд Увс нуурын ай сав, 2017 онд Дагуурын ландшафт) тус тус Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.
Техникийн үнэлгээ хийх ажлын хүрээнд шинжээч Тошио Хаяаши Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзаж санал солилцоод буцжээ.