Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар харьяа дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаархи байнгын хороодын санал, дүгнэлтийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож танилцаад энэ тухай Улсын Их Хурлын тогтоол батлав. Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын байнгын хороодын бүрэлдэхүүнд 10 дэд хороо ажиллах бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг харгалзан бүрдүүлсэн байна.
Дараа нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн заалттай. Иймээс Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн батлах эсэх асуудлыг тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хурлын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингээд тус байнгын хорооны хуралдаанаас гаргасан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол шинэчлэн батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94 хувь нь дэмжиж, энэ тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.