УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.13/ нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэв.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ асуудлыг танилцуулахдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Кью Эс Си” ХХК, “Цемент шохой” ХК, “Монголиан коппер корпорэйшн” ХХК, “Цэц мөнх” ХХК, “Рэс” ХХК, “Гурван уул” ХХК, “Тайтлан Ресорсиз Монголиа” ХХК зэрэг хуулийн этгээдтэй холбоотой зарим асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.
“Стандарт” банктай холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх талаар Засгийн газраас чиглэл, удирдамж өгч ажилласны дүнд 2019 оны 04 дүгээр сарын эхээр 40 сая ам долларыг “Стандарт” банкинд төлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад дахь өр төлбөрийн асуудал хаагдсан бол дотооддоо энэ асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж, шүүхийн шатанд хянагдаж байна.
Онцгой дэглэм тогтоосноор хоёр үйлдвэрийн газрын үйл ажиллагаа жигдэрсэн бөгөөд шалгалтын актаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхэд нэлээд хугацаа шаардагдахаар байна” гэлээ.
Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн тус Байнгын хороо санал, дүгнэлтээ гаргасан юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, “Монголросцветмет’’ ХХК-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сарын хугацаагаар сунгах тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн гэдгийг тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувийн саналаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.