Сүүлийн жилүүдэд АНУ-ын зах зээлд элдэв төрлийн амт, үнэртэй электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдэж байгаа юм.
Гэтэл саяхан Иллиноис, Индиана, Миннесота, Канзас, Орегон, Калифорни гэх дүүргүүдэд 450 гаруй электрон тамхи хэрэглэгч үл мэдэгдэх уушгины өвчнөөр өвчилж зургаа нь нас баржээ.
Одоогоор мөрдөгч, судлаачид электрон тамхи ямар өвчин эмгэг үүсгэж байгааг эцэслэн тогтоож чадаагүй бөгөөд лабораторын туршилтаар электрон тамхинд E витамины ацетат хэмээх бодис их хэмжээтэй байгааг илрүүлсэн байна. Тиймээс судалгааг энэхүү бодист төвлөрүүлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Мөн Иллиноис мужийн 18 настай оюутан залуу электрон тамхийг жил хагас орчим хугацаанд татсаны дараа өнгөрсөн сард эмнэлэгт хүргэгдсэн тухай CNN суваг мэдээлжээ. Түүний уушги 70 настай хүнийхтэй ижил болж муудсаныг эмч нар мэдэгдсэн юм. Электрон тамхийг жимс, гаа, чихэр, архины зэрэг амт үнэртэй үйлдвэрлэдэг нь залуу үеийнхнийг ихээр татаж байгаа аж.
Эдгээр өвчлөлтэй холбогдуулан АНУ-ын засаг захиргааны зүгээс үндсэн тамхины үнэр амттайгаас бусад бүх төрлийн электрон тамхийг зах зээлээс татахаар төлөвлөж эхэлсэн байна.
Анх электрон тамхи хэрэглээнд нэвтэрсэн цагаас хойш хүний биед хортой, хоргүй талаар маргаан судлаачдын дунд үргэлжилсээр ирсэн юм. Электрон тамхины гол үйлдвэрлэгчдийн нэг Juul анх өөрийн бүтээгдэхүүнээ тамхинаас гарах хүсэлтэй насанд хүрэгчдэд зориулагдсан гэж танилцуулж байв.
Гэхдээ хүний эрүүл мэндэд хоргүй гэсэн баталгаа өгч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм.